Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам

Нийтэлсэн 06/03/2019 Таны мэдлэгт
САНХҮҮГИЙН БОЛОН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХООРОНДЫН ЗӨРҮҮГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр
тушаалын 1 дүгээр хавсралт
НЭГ: Нийтлэг зүйл
1.      Энэ журмын зорилго нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 12 “Орлогын албан татвар”-ыг хэрэгжүүлэх, санхүүгийн тайлангаар илэрхийлэгдсэн татварын өмнөх ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогын хооронд үүсэх байнгын ба түр зөрүүг бүртгэх, тайлангуудын уялдааг хангах, тайлант хугацааны хойшлогдсон татварын хэмжээг тодорхойлоход аж ахуйн нэгжийн нягтлан бодогч, татварын улсын байцаагч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, аудитор нарт туслах явдал юм.
2.      Аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаар илэрхийлэгдсэн Татварын өмнөх ашигт үндэслэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль”-ийн дагуу татвар ногдуулах орлогыг тодорхойлох, түүний нөлөөллийг бүртгэж, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.
ХОЁР: “Татварын өмнөх ашиг”, ” Татвар ногдуулах орлого”-ын хоорондын зөрүүгийн ангилал
1.      Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар илэрхийлэгдсэн “татварын өмнөх ашиг” нь шууд татвар ногдуулах орлогын суурь болохгүй. Санхүүгийн тайлан, орлогын албан татварын тайланг бэлтгэх зорилго, баримталж байгаа зарчим өөр байдгаас хамаарч үүсч байгаа зөрүүг дараах байдлаар ангилна. Үүнд:
      а) байнгын зөрүү
      б) түр зөрүү
2.      Байнгын зөрүү: Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайланд орлого, зардал гэж хүлээн зөвшөөрөгдөх боловч Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-иар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогод тооцогдохгүй орлого, татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал байхаар зааснаас ирээдүйн татварын өглөг, зардалд нөлөөлөхгүй үүсч буй зөрүүг байнгын зөрүү гэнэ.
Байнгын зөрүү нь дараах тохиолдолд үүснэ. Үүнд:
1) Татварын зорилгоор татвар ногдох орлогод хамаарахгүй ч санхүүгийн тайлангийн зорилгоор татварын өмнөх ашгийг нэмэгдүүлсэн орлого
2) Санхүүгийн тайлангийн зорилгоор татварын өмнөх ашгийг бууруулсан ч татвар ногдуулах орлогод нөлөөлөхгүй зардал
3) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үед тус тус үүснэ.
 3. Түр зөрүү: Санхүүгийн болон орлогын албан татварын тайланд ажил гүйлгээг хүлээн зөвшөөрөх арга, цаг хугацааны ялгаанаас үүсэх буюу ирээдүйн тайлант үеүдийн татварын зардал, өглөгт нөлөөлөх зөрүүг түр зөрүү гэнэ. Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг болон орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогын хооронд үүсч буй түр зөрүү нь татварын өглөг, зардлыг хугацааны хувьд хойшлуулах тул хойшлогдсон татварын хөрөнгө/өглөгийг үүсгэнэ. Түр зөрүүг татвар ногдох түр зөрүү, хасагдах түр зөрүү гэж 2 ангилна.
а) Түр зөрүүг үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн дансны дүн болон татварын суурь хоёрын хооронд үүсч буй зөрүү нь ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлж байвал түүнийг “Татвар ногдох түр зөрүү” гэнэ.
б) Түр зөрүүг үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн дансны дүн болон татварын суурь хоёрын хооронд үүсч буй зөрүү нь ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг бууруулах нөлөөлөл үзүүлж байвал түүнийг “Хасагдах түр зөрүү” гэнэ.
Түр зөрүү нь дараах тохиолдолд үүснэ. Үүнд:
1) Орлого нь санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн ч ирээдүйн тайлангийн үеүдэд татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрөгдөх
2) Орлого нь татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрөгдсөн ч ирээдүйн тайлангийн үеүдэд санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдөх
3) Санхүүгийн тайлан дахь зардал буюу гарз нь дараа тайлант хугацаанд татварын ногдох орлогоос хасагдах зардлаар хүлээн зөвшөөрөгдөх
4) Татвар ногдох орлогоос хасагдах зардал нь дараа тайлант хугацаанд санхүүгийн тайлан дахь зардал буюу гарз гэж хүлээн зөвшөөрөгдөх
ГУРАВ: “Татварын өмнөх ашиг”, “Татвар ногдуулах орлого”-ын зөрүүг зохицуулах
1.       Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг, орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогыг тодорхойлж зөрүүг зохицуулахын үндсэн зорилго нь:
1)     Тайлант үеийн татварын зардлыг тодорхойлох
2)     Тайлант үед үүсэх хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын өглөгийг хүлээн зөвшөөрөх
3)     Хойшлогдсон татварын өглөг, хойшлогдсон татварын хөрөнгийн үлдэгдлээс тайлант үед хамаарах хэсгийг тодорхойлох
4)     Тайлант үеийн татварын өглөгийг тодорхойлоход оршино.
2.      Санхүүгийн тайлангийн “Татварын өмнөх ашиг”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлогдсон “Татвар ногдуулах орлого”-ын зөрүүтэй байх нөхцлүүд нь:
1)     Албан татвараас чөлөөлөгдөх орлогууд
2)     Хөнгөлөлт эдлэх үйл ажиллагаа
3)     Тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогууд
4)     Татвар нь төлөгдсөн орлого
5)     Хязгаарлалт бүхий зардал
6)     Зардалд тавигдах хязгаарлалтаас үүсэх зардал
7)     Үл хасагдах зардал
8)     Зээлийн хүүгийн зардал
9)     Элэгдлийн зардал
10) Гаалийн татварын зардал
11) Алдагдлыг шилжүүлэн тооцох
12) Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд гарсан ажил гүйлгээ
13) Бусад
3.      “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль”-ийн дагуу нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо “Татварын өмнөх ашигт”-т тухайн үзүүлэлт яаж нөлөөлж буйг уялдуулан зохицуулна. Иймээс татварын өмнөх ашгийг бууруулсан харин орлогын албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй, татварын хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйлүүдийг нэмнэ. Татварын өмнөх ашгийг нэмэгдүүлсэн ч татварын хуулийн дагуу орлогын албан татвар ногдуулах орлогод хамааралгүй зүйлүүдийг хасна. Тусгайлсан хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогыг татварын өмнөх ашгаас хасан зохих тооцооллыг хийнэ.
4.      Аж ахуйн нэгж нь эдлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын хуулиар хязгаарлалт тавигдсан зээлийн хүүгийн зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл, хөрөнгийн ашиглалтын бүртгэл, алдагдлыг ирээдүйд шилжүүлэх, хязгаарлалт бүхий зардал, хасахгүй зардал зэргийг татварын зорилгоор бүртгэж тайлагнана.
5.      Зөрүүгийн зохицуулалтыг хэрхэн хийж буйгаа зохих тооцоолол бүхий хүснэгтээр баримтжуулна.
ДӨРӨВ: Байнгын зөрүүг зохицуулах
1.      Байнгын зөрүү үүсгэж байгаа ажил гүйлгээнүүд нь ирээдүйн татварын өглөгт нөлөөгүй учир санхүүгийн тайланд татварын зардлаар зохицуулна.
2.      Татвар нь суутгагдан төлөгдсөн орлогод ногдох албан татварыг татвар төлөгч “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-ын Б2 хэсэгт тайлагнана. Дэлгэрэнгүй мэдээллийг “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан” нөхөх зааврын Хүснэгт 1-ээр баталгаажуулсан байна.
3.      Байнгын зөрүүгийн материаллаг дүн бүхий нөлөөллийг санхүүгийн тайланд тодруулна.
ТАВ: Хойшлогдсон татварын хөрөнгө, өглөгийн дансыг бүртгэх, тайлагнах
1.      Татвар ногдох түр зөрүүнээс үүсч буй татварын нөлөөллийг “Хойшлогдсон татварын өглөг” дансаар зохицуулан бүртгэнэ.
2.      Хасагдах түр зөрүүнээс үүсч буй татварын нөлөөллийг “Хойшлогдсон татварын хөрөнгө” дансаар зохицуулан бүртгэнэ.
3.      Төлбөл зохих орлогын албан татварын дүн болон тайлант үеийн татварын зардлын зөрүүг хойшлогдсон татварын хөрөнгө/өглөгийн дансанд бүртгэнэ.
4.      Түр зөрүүг бүртгэхэд үүссэн хойшлогдсон татварын өглөг, хойшлогдсон татварын хөрөнгө дансад нь тодорхой хугацааны дараа нөхөгдөж үлдэгдэлгүй болно.
5.      Тайлант хугацаанд үүссэн түр зөрүүгийн хойшлогдсон татварын тооцоог “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-г нөхөх зааврын Хүснэгт 2-оор хийж баримтжуулна.
6.      Хойшлогдсон татварын дансны хөдөлгөөний дэлгэрэнгүй бүртгэлийг “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-г нөхөх зааврын Хүснэгт 3-аар хөрөнгө, өр төлбөрийн данс бүрээр нарийвчлан хөтөлнө.
Хуваалцах!