Татвар, нийгмийн даатгалыг төрөөс хөнгөлж буй шийдвэрүүд

Нийтэлсэн 17/04/2020 Таны мэдлэгт

Төрөөс хөнгөлөх гэж буй ШИМТГЭЛ, ТАТВАРУУДЫНХАА талаар та хэр мэдэх вэ?

Та сар бүр төлдөг татварынхаа талаар хэр мэддэг вэ. Коронавирусээс үүдсэн нөхцөл байдалтай уялдан иргэд, аж ахуйн нэгжийн төлдөг хэд хэдэн төрлийн татварыг тэглэх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, үүнийг нь УИХ баталлаа. Чихэнд чимэгтэй эдгээр арга хэмжээнд яг ямар төрлийн татвар багтаж байгаа болон таны мэдлэгт нэмэр болох эдгээр  татварын тухай багц мэдээллийг хүргэж байна.

                                            ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР (ХХОАТ)

Хэн төлдөг вэ.  Энэ татварыг хувь хүн хөдөлмөр эрхэлж, хөрөнгө борлуулах зэргээс олсон бүх орлогынхоо тодорхой хувиар төлдөг.

УИХ-ЫН ШИЙДВЭР: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдын (526 мянган хүн) цалин, хөлсөнд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.  Мөн төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй хэдий ч төрийн өмчийн их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэ чөлөөлөлтөд хамруулна.

 ХХОАТ-ын хувь хэмжээ

  • Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшууллын орлого-10%

  • Үйл ажиллагааны орлого-10%

  • Хөрөнгийн орлого-10%

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлого-2%

  • Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал -5%

  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого-40%

  • Шууд бус орлого-10%

                                             НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ

Хэн төлдөг вэ? Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр бөгөөд даатгуулагч, ажил олгогч хоёр төлнө.

УИХ-ЫН ШИЙДВЭР: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдын (526 мянган хүн) цалин, хөлсөнд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.

НДШ-ийн хувь хэмжээ 2020 онд

  • Даатгуулагч-9.5 хувь

  • Ажил олгогч-9.5 хувь

                                               АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР (ААНОАТ)

Хэн төлдөг вэ? Борлуулалтын орлого нь 50 сая төгрөг ба түүнээс дээш хүрсэн иргэн, аж ахуйн нэгж төлнө.

УИХ-ЫН ШИЙДВЭР: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААНОАТ-аас чөлөөлнө.

ААНОАТ-ын хувь хэмжээ

  • 0-3.0 тэрбум төгрөг-10 хувиар

  • 3.0 тэрбум төгрөгнөөс дээш бол 300 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

                                                  НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР (НӨАТ)

Хэн төлдөг вэ? Үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий татвар төлөгч төлдөг байна.

УИХ-ЫН ШИЙДВЭР: Хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосны импортыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар  сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөллөө.

НӨАТ-ын хувь хэмжээ:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 10 хувиар

  • Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тэг /“0”/ хувиар

  • Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

Эх сурвалж: lead